card

Захирлын мэндчилгээ


 

 Англи хэлний “Кингс Кидс” бүрэн дунд сургуульд тавтай морилно уу.

Энэхүү захидлаар дамжуулан эцэг эхчүүд, сурагчид та бүхэнтэй мэндчилж байгаадаа миний бие туйлын таатай байна.

Англи хэлний “Кингс Кидс” сургууль нь анх 1999 онд үүсгэн байгуулагдаж 43 сурагч, 4 багштайгаар эрдэм номын өргөөгөө нээж байсан бол өнөөдөр 300 гаруй сурагч 30 гаруй багштайгаар 23 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү 19 жилийн хугацаанд бид Монголдоо Англи хэлний боловсролын салбарт тэргүүн байрыг жил дарааллан эзэлсээр ирсэн нь бидний чамгүй амжилт бөгөөд эх орны минь ирээдүй болсон хойч үе сурагчид нараа дэлхийд өрсөлдөхүйц боловсрол мэдлэг чадвартай, оюунлаг, хүнлэг бие хүн болгон төлөвшүүлж бэлтгэсээр ирсэн. Манай сургуулийн нийт багш нарын 81,3% нь 2-3 гадаад хэлийг давхар эзэмшсэн мэргэжлийн өндөр ур чадвартай гадаад болон дотоод багш нараас бүрдсэн хүчирхэг  хамт олон ажиллаж байна.

Манай сургуулийн гол онцлог нь Дэлхийн хэл-Англи хэлийг нэгдүгээр ангиас нь төрөлх хэл шиг нь заан эзэмшүүлж 16 гаруй нэр төрлийн академик хичээлүүдийг англи хэл дээр заан явуулдаг бөгөөд үүний зэрэгцээ төрөлх өв болсон эх хэл, соёл, Монгол Улсын Боловсролын цөм хөтөлбөрийг давхар сурган эх оронч сэтгэлгээтэй чадварлаг Монгол иргэнийг бэлтгэхэд зорин ажилладаг.  Ахлах ангийн сурагчид маань Орос ба Хятад хэлийг давхар судлахын зэрэгцээ TOEFL болон  IELTS- ийн шалгалтуудад бэлтгэх сургалтад хамрагдаж, төгсөгчид гадаад болон дотоодын их сургуулиудад өндөр оноогоор элсэн орох боломжтой болдог.

21-р зууны хамгийн хүчирхэг зэвсэг боловсрол юм гэдэгт баттай итгэдэг хүний хувьд Монгол улсын маань хөгжил цэцэглэлтийн ирээдүйн эзэд болсон хүүхэд хойч үедээ чанартай боловсролыг олгох нь сурган хүмүүжүүлэгч бидний эрхэм үүрэг юм.

                

               Хүндэтгэсэн 

                Жумбын Мягмарсүрэн       /Монгол Улсын Гавьяат Багш

                                                                        Боловсролын Менежментийн Хүндэт Доктор /